“Цахим худалдаагаар халхавчилж бусдыг залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэл шилдгээр шалгарлаа

Автор: админ от 16-03-2017, 17:10

"Цахим худалдаагаар халхавчилж бусдыг залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт илтгэл шилдгээр шалгарлаа

 

Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, уялдаа холбоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдааныг аймгийнхаа хууль хяналтын болон хууль сахиулах байгууллагуудын дунд зарлаж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилдэг илтгэлийг шалгаруулсан байна.

Аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд энэ уралдаанд идэвхтэй оролцож 1 дүгээр байрыг аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Ариунзаяагийн бичсэн илтгэл шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна. Тэрээр сүүлийн үед гарч байгаа шинэ төрлийн гэмт хэрэг буюу Цахим худалдаагаар халхавчилж бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг дурдаж, энэ төрлийн гэмт хэргээс иргэдийг урьдчилан сэргийлэх хэрэгцээ шаардлага бий болж байгааг хөндөөд, цаашид авч хэрэгжүүлэх тодорхой санал дэвшүүлснээрээ онцлогтой болсон байна.

Мөн тус аймгийн прокурорын газрын туслах ажилтан Л.Төгсжаргалын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим арга зам” сэдэвт илтгэл дэд байрыг, туслах ажилтан Б.Бат-Оргилын "Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдэвт илтгэл гутгаар байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Түүнчлэн туслах ажилтан Г.Булаг-Ундрал "Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилах сэргийлэх нь” сэдэвт илтгэл бичиж, батламж мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Бямбаа гардуулж, Сэлэнгэ аймгийн прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан шилдэг илтгэлийн уралдаанд идэвхи, санаачлагатай оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэ санал санаачлага дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог