ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ БОЛОН ШҮҮХЭЭС ОНОГДУУЛЖ БУЙ ЯЛЫН БОДЛОГЫГ СУДАЛЖЭЭ

Автор: админ от 26-02-2016, 09:07

Аймгийн прокурорын газраас "Хүний амь бие, эрүүд мэндийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл болон шүүхээс оногдуулж буй ялын бодлогыг 2015 оны байдлаар судлав.

2015 онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 494 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаас 202 буюу 40.8 хувь нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан "Хүнийг санаатай алах” хэрэг 7 буюу 3.4 хувь, мөн хуулийн 95 дугаар зүйлд заасан "Бусдыг амиа хорлоход хүргэх” хэрэг 67 буюу 33.1 хувь, мөн хуулийн 96 дугаар зүйлд заасан "Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” хэрэг 3 буюу 1.4 хувь, мөн хуулийн 97 дугаар зүйлд заасан "Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” хэрэг 2 буюу 0.9 хувь, мөн хуулийн 98 дугаар зүйлд заасан "Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” хэрэг 16 буюу 7.9 хувь, мөн хуулийн 99 дүгээр зүйлд заасан "Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” хэрэг 106 буюу 52.4 хувь, мөн хуулийн 100 дугаар зүйлд заасан "Тарчлаах” хэрэг 1 буюу 0.4 хувийг тус тус эзэлж байна.

Энэ төрлийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг авч үзвэл: 150 хүнд холбогдох хэргийн 158 хэрэг буюу 78.2 хувийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон айх бөгөөд энэ нь хохирогч, яллагдагчтай эвлэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалтыг хэрэгжүүлж ажилласантай холбоотой байна.

 

Прокурор 44 хэрэг буюу 21.8 хувийг сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэмт хэрэгт холбогдсон 150 хүнээс 7 буюу 4.6 хуь нь боловсролгүй, 118 буюу 78.6 хувь нь бүрэн болон бүрэн бус дунд, бага боловсролтой, 25 буюу 16.6 хувь нь дээд боловсролтой байх бөгөөд 92 буюу 61.3 хувь нь ажилгүй, 15 буюу 10 хувь нь төрийн албан хаагч тус тус холбогдсон байна.

Хэрэгт холбогдсон хүмүүсийн насны байдлыг авч үзвэл 18-25 насны 23 хүн буюу 15.3 хувь, 25-50 насны 111 хүн буюу 74.0 хувь, 50-аас дээш насны 35 хүн буюу 23.3 хувийг тус тус эзэлж байна.

Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж үзэхэд 61.3 хувийг /эр эмийн хардалт, өр авлага, хэрүүл маргаан, хохирогчийн буруутай үйл ажиллагаа/ буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байх бөгөөдүүнээс 38.6 хувийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь согтуугаар үйлдсэн болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Иргэд гэр орондоо болон найз нөхдөөрөө баяр ёслолыг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурах явдал их, түүнчлэн гэр бүлийн хүмүүс хамтран архидан согтуурч байгаагаас гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох явдал цөөнгүй гарч байгаа, түүнчлэн гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хэрэг буурахгүй байгаад нийт иргэд анхаарах шаардлагатай байна.

 

Манай аймгийн хувьд Алтанбулаг суман дахь хилийн боомт 24 цагаар ажиллаж байгаатай холбоотойгоор иргэд хил гаалиар чөлөөтэй нэвтэрч архи, согтууруулах ундаа оруулж ирэх нөгөө талаар архи согтууруулах ундааг зарж борлуулах тусгай зөвшөөрөлтэй цэг олон байгаагаас согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг буурахгүй байх тул Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сум орон нутагт сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тодорхой, үр дүнтэй зохион байгуулах, иргэд хуулиа дээдэлж биелүүлж байх шаардлагатай байна.

Улсын Ерөнхий Прокурорын мэдээлэл

Зургийн цомог